13/04/2026
Хамгийн сайн чээжлэх арга бол олон дахин бичиж унших юм байна шүү
Захиралдаа амжилт хүсье❤️
🔥Я.Давхарбаяр: Хоёр цагийн дотор дуртай зүйлээ олж, тууштай хөдөлмөрлөсөн нь өнөөдрийн намайг бүтээсэн
🔥Идэш багш хөгжлийн төв нь залуучуудын боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бий болгоход дүү нартаа урам зориг, зөвлөгөө өгөхөөр нутгийн эрдэмтэн, судлаачдын үгийг цувралаар хүргэж байна.'
🔥Upgradeuvs цувралын энэ удаагийн дугаарт Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, “Sunrise” япон хэлний сургалтын төвийн захирал Ядамдоржийн Давхарбаяр оролцож, үнэтэй зөвлөгөө хуваалцлаа.
✅Би Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж, Баруунтуруун суманд өссөн. Аав маань тракторын жолооч, ээж Монголын анхны нимгэн төмрийн дархан хүн. Ах, эгч нар маань бүгд номын хүмүүс. Есөн хүүхэдтэй айлын найм дахь нь. Багадаа хөдөөний хүүхдүүдийн адил ус зөөх, түлээ хагалах зэрэг гэрийн ажил хийж, хажуугаар нь хичээлдээ шамдан суралцдаг байлаа. Миний хүүхэд нас сургууль, гэр гэсэн даруухан хэмнэлтэй өнгөрсөн. Тухайн үед цахилгаангүй байсан тул орой бүр лааны гэрэлд хичээлээ давтаж, өглөө эрт босож гэрийнхээ хойд талд гараад чангаар уншиж цээжилдэг байв. Цэвэр бичгийн уралдаанд олон удаа түрүүлж, монгол хэл, уран зохиолын хичээлд онцгой дуртай сурагч байсан. Ямарваа нэгэн зүйлийг маш хурдан тогтоодог, гүйлгээ ухаан сайтай, хүний итгэл даах чадвар маань өнөөдрийн Давхарбаярыг бий болгосон байх.
✅Гурван ах маань сэтгүүлч мэргэжилтэй болохоор би ч багадаа сэтгүүлч болно гэж боддог байлаа. Гэтэл 10-р ангид байхад нэгэн япон хүнтэй уулзаж, мэндчилгээний хэдэн үг заалгасан нь миний амьдралыг өөрчилсөн. Тэр мөчид л япон хэлэнд “дурлаж”, 10 жилийн турш бодож явсан мөрөөдөл маань ердөө хоёрхон цагийн дотор өөрчлөгдсөн. /инээв/ Тэгээд л япон хэлний багш, орчуулагч болохоор шийдэж, Улаанбаатар Эрдэм их сургуульд энэ чиглэлээр элсэн орж суралцан төгссөн.
✅Их сургуулийн дөрвөн жилийн хугацаанд би хичээлээ огт тасалж байгаагүй. Нэг удаа 10 минут хоцорч, ихэд санаа зовж байснаа одоо ч тод санаж байна. Багшийн самбарт бичсэнийг дэвтэр дээрээ хуулж бичихдээ л тогтоодог байлаа. Хичээл тараад автобусанд явж байхдаа ч багшийн бичсэнийг дотроо давтаж, гэртээ очоод дахин бататгана. Нэг ханзыг заавал 10–20 удаа бичдэг байсан. Ийм байдлаар сурсан зүйл хэзээ ч мартагддаггүй. Хичээл бүр дээр урд сууж, идэвхтэй оролцдог оюутан байсан. Дөрөвдүгээр курсэд багш маань надад багшлах санал тавьж, 2004 оноос хойш 22 жилийн турш тасралтгүй багшилсан.
✅2008-2010 онд Хэл шинжлэлийн ухаанаар магистрын зэрэг хамгаалж, одоо докторын зэрэгт суралцаж байна. 2010 онд Японд суралцаж байх үед япон хэлний сурах бичгүүдэд монгол орчуулга байхгүйг анзаарсан. Иймээс N2, N3, N4 түвшний ханзны номыг монгол хэл рүү орчуулан тухайн сургуульд хүлээлгэн өгсөн. Энэ ажил маань олон монгол сурагчдад бага ч гэсэн дэм болсон гэж боддог.
✅Монгол хүүхдүүдийг Японд тэтгэлгээр суралцуулах боломж их байгааг олж харсан учраас 2011 онд сургалтын төвөө байгуулсан. Олон арван хүүхэд залууст арлын оронд ажиллаж амьдрах, сурч боловсрох боломжуудыг нээж өгсөн. Мөн нутгийнхаа 10 хүүхдийг 100 хувийн тэтгэлгээр Японд суралцуулж оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Хүн юун түрүүнд нутгаа л боддог юм билээ. Тиймээс өөрийн нутаг усны дүү нартаа боломж олгохыг зорьж ажилласан.
✅Би оюутан байхдаа байнга бал, цаас авч явж сонссон зүйлээ дуудлагаар нь тэмдэглэдэг байлаа. Дараа нь толь бичгээс харж нэг бүрчлэн орчуулна. Мөн толинд харж өөртэйгөө ярьж, өгүүлбэр зохион, асуулт-хариулт хэлбэрээр давтдаг. Хэл сурахад хамгийн чухал зүйл бол тууштай байдал юм. Өдөр бүр бичих, чангаар унших, дуу сонсож, анимэ, кино үзэх зэрэг нь хэл сурахад хамгийн үр дүнтэй арга. Ер нь хүн хүн дуртай зүйлээ хийхээрээ хэзээ ч хэцүү гэж боддоггүй, шаргуу зүтгэдэг.
✅Гадаадад сурахаар төлөвлөж байгаа залуучуудад зөвлөж хэлэхэд, хэлний бэлтгэлээ аль болох эрт эхлэх хэрэгтэй. 10–11-р ангиасаа эхэлж, 12-р анги төгсөхдөө хэлний оноотой болчихвол маш олон боломж нээгдэнэ. Жишээлбэл, япон хэл N5–N1 гэсэн таван түвшинтэй. Сургуулиа төгсөхдөө япон хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй байхад ажил болон сургуулиар явах боломж бүрддэг.
✅Би жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд өнгөрсөн жилээ дүгнэж, ирэх жилийн зорилго, төлөвлөгөөгөө бичдэг юм. Төлөвлөсөн ажлуудынхаа ихэнхийг хэрэгжүүлж чаддаг. Өдөр тутмын ажлаа ч төлөвлөж бичдэг. Миний хувьд амжилт гэдэг бол төлөвлөгөө, тууштай хөдөлмөр, дуртай зүйлээ хийхийн нийлбэр юм.