03/08/2021
Apple дампуурч байсан. Microsoft -ийн эсрэг шүүхийн маргаанд маш олон удаа ялагдсан 1997 онд дампуурлаа зарлах дээрээ тулж, Стив Жобсыг буцааж авж байсан. Одоо алимханы үнэлгээ 2.1 их наяд ам долларт хүрч, Дэлхийн топ 10 компаний нэг болсон.
Netflix хүнд нөхцөлд орж, хувьцаа нь $7 хүртэл унаж байсан цаг үе бий. Өнөөдөр энэ хувьцаа $515 байна. Дискэн дээр кино бичиж, дэлхий даяаар тээвэрлэдэг байсан үндсэн загвараас эрсдэлтэй, хүнд үед зоригтойгоор цахим платформ руу шилжиж, зөвхөн контент түгээгчээс контент үйлдвэрлэгч рүү хөрвөж чадсан нь хүнд нөхцлөөс гарах амжилттай шийдэл болж чадсан.
Nissan -ы зуу гаруй ажилчид, борлуулагчид нь өөрсдөө "манай уйтгартай машинуудыг хэн авах вэ дээ, манайх удахгүй хаагдана." гэж ярьж байсан 1999 оны доройтолын үед Renault Ниссаны хувьцааг худалдан авч, шинэ захирал илгээн, хөл дээр нь босгож байжээ. Ниссаныг аврана гэдэг Биелэгдэшгүй даалгавар гэж олон улсын шинжээчид тодорхойлж байв. Япон шиг өөрчлөлтөд дургүй, гадныханд сүжиггүй ард түмний дунд хамгийн олон өөрчлөлтийг бий болгож, тэнгэрт тулсан өрнөөс нь гаргаж, зах зээлдээ тэргүүлэгч болгосон энэ туршлага бол гайхамшиг. Гайхамшиг учраас энэ туршлагыг Дэлхийн том сургуулиуд болох Оксфорд, Харвардад бизнесийн стратегийн шилдэг жишээ болгон судалж, хичээлээр заадаг.
Энэ түүхийн баатар, авто салбарын Стив Жобс нь "Le Cost killer" хочит Карл Гон юм. Тэрээр Ниссаныг дампуурлаас аварч, мандан бадруулж, Fortune Global 500 -д багтдаг Nissan Renault хоёрыг зэрэг удирддаг Дэлхий дээрх анхны хүн болж байсан. Карл Гоны эрсдэлийг тооцоолох, зардалыг танах, зах зээлээ мэдрэх, зоригтой шинэчлэлт хийх ур чадварууд автомашины зах зээлийн өнөөгийн хөгжилд хамгийн ихээр нөлөөлсөн.
Хэцүү цаг үед хэнд ч бууж өгмөөр, хаяаад шинээр эхэлмээр сэтгэгдэл төрдөг. Гэхдээ аливаа амжилтын нууц эхлэл, төгсгөлдөө бус үйл явцдаа байдаг тул Карл Гоны зөвлөгөөг дэлгэрүүлж уншаад бизнесээ сэргээгээрэй.
https://www0.gsb.columbia.edu/mygsb/faculty/research/pubfiles/188/Nissan.pdf