17/06/2026
МУБИС-ийн биологийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ч.Сувдцэцэг:
Дэлхийд гурван зүйлийн шавж нээгээд байгаа Биологийн ухааны доктор Ч.Сувдцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Алтайн хоовгон хэмээх шавжийг нээгээд удаагүй байгаа юм.
-Юуны өмнө шинэ шавж нээсэнд баяр хүргэе.
-Шинэ төрөл зүйл илрүүлнэ гэдэг судлаач хүний хувьд асар их хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн үр дүн учраас маш их урам зориг авч байна.
-Ярилцлагаа таны шинэ нээлтийн талаар эхлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэгдсэн "Монгол Алтайн нуруунаас олдсон Limnephilus төрлийн шинэ зүйлийн хоовгон" (A new species of Limnephilus (Trichoptera: Limnephilidae) from the Mongolian Altai Mountains) хэмээх бүтээл маань сүүлийн үеийн томоохон ажлуудын нэг юм. Шинэ нээлт бол бидний судалгааны ажлын нэгээхэн хэсэг байсан боловч хамгийн сонирхолтой нь байсан шүү.
-Яагаад Алтайн хоовгон гэж нэрлэв? Ер нь хаанаас олж нээсэн бэ?
-Энэхүү шавж нь зөвхөн Алтайн нурууны өвөрмөц экосистемд тархсан тул тархац нутгийнх нь нэрээр (Limnephilus altaicus Chuluunbat, sp.nov) нэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Шинжлэх ухааны нэршил тогтооход тухайн зүйлийн олдсон газар орон юм уу эсвэл өвөрмөц шинж тэмдгийг тусгах нь түгээмэл байдаг. Бид энэ шавжаа Баян-Өлгий аймгийн өндөр уулын бүсээс Бага Түргэний голын доод хэсгээс хээрийн судалгааны явцад цуглуулсан.
-Шинэ нээлтээ хэрхэн бүртгүүлэв?
-Бид судалгаагаа амьтны аймгийн ангилал зүйн олон улсын хянан магадалгаатай (Peer-reviewed) "Zootaxa" сэтгүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлүүлснээр шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн л дээ.
Шинэ нээлтийг баталгаажуулахын тулд морфологийн гадаад бүтэц ялангуяа үржлийн эрхтэн системийг голчлон барьсан юм. Шавжийн бусад зүйлээс ялгагдах гол шинж нь үржлийн эрхтэн тогтолцоо байдаг. Мөн эр, эм бодгалийн митохондрын COI генийн нуклеотидын дарааллыг Солонгосын Инчёоны Үндэсний их сургуульд тогтоолгож, Генбанк дахь бусад зүйлтэй харьцуулж, судалгаа хийсэн.
-Судалгааны ажил чинь таны хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-Миний хувьд хоовгоныг бакалаврын түвшнээс эхлээд тасралтгүй 20 гаруй жил судалж байна. Тухайлбал 2017-2021 онд МУИС-д "Монгол орны хоовгоны олон янз байдал, бүлгэмдэлд орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө" сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Энэ нээлт бол зөвхөн нэг удаагийн явалтаар бүтсэн ажил биш. Олон жилийн цуглуулга, харьцуулсан судалгаа, лабораторийн шинжилгээ гээд тасралтгүй хөдөлмөрийн минь үр дүн л дээ.
-Энэ шавжийг нээж буйгаа та хэзээ мэдэв?
-Америкчуудтай 2002-2010 онд хамтарсан судалгааны төсөлд оролцож, Монгол орны ихэнх нутгаар яваад, маш их хэмжээний дээж материал цуглууллаа. 2009 оны дээжийг лабораторид тодорхойлж байхад бусад зүйлээс эрс ялгаатай шинж тэмдгүүд илэрч эхэлсэн юм. Тэгэхэд л "Энэ шинэ зүйл байх магадлалтай" гэж анх таамагласан. Тэрхүү мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Тэгээд тэр чиглэлд явж, судалгаа шинжилгээ хийж буй хүмүүст дээж захих гэх мэт, мөн өөрөө явж судалгаа хийх боломж гарахыг хүлээсэн дээ.
-Нэр дээр тань бүртгүүлсэн өөр нээлтүүд бий л байлгүй...
-Түрүүнд хэлсэнчлэн 2002 оноос хойш хоовгон гэдэг шавжийг судалж байгаа. Саяын шинэ зүйлийн нээлтийг оролцуулаад, гурван зүйлийг шинжлэх ухаанд шинээр нэрлээд байна даа. Америкэд магистрт сурч байхдаа Клемсоны их сургуулийн Шавжийн санд хадгалсан дээжийг тодорхойлох явцдаа Аляск мужаас цуглуулсан дээжээс шинэ зүйл нээснийгээ (Manophylax alascensis Chuluunbat and Morse, n.sp.) бас тухайн газрын нэрээр нэрлэсэн. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Нуурын хоолой гэдэг газраас нууран дээр тэшиж гулгадаг зан төрхтэй хоовгон олж (Agrypnia (Agrypnetes) hayfordae Morse and Chuluunbat, n.sp.) анх олж өгсөн хүний нэрээр нэрлэсэн. Бидэнтэй цуг судалгаа хийж байсан америк эрдэмтэн Барбара Хейфорд анх тэр нууран дээр тэшүүрээр тэшиж байгаа юм шиг зан төрхтэй шавжийг хараад эхэндээ "Тэшигч бясаа байна" гэж бодсон юм билээ л дээ. Гэтэл тэр шавж нисээд өөр газар бууснаа дахиад тэшиж байхад нь биднийг дуудаад, мөнөөх шавжийг барьж харахад хоовгон байсан. Тэр үед манай удирдагч багш Жон Морс "Зарим нуурын хоовгон ийм өвөрмөц зан төрхтэй байдаг. Энэ өөр шинэ зүйл байж болзошгүй" гээд бид хэд ихэд олзуурхан, өндөг, авгалдай, хүүхэлдэй гээд хөгжлийнх нь бүх үе шатнаас цуглуулж, нууран дээр тэшиж байгаа бичлэгийг нь хийж билээ.
-Алтайн хоовгоныг та бүрэн судалж амжсан уу?
-Судлаач хүн аливаа зүйлийг бүрэн судалж дуусна гэж байхгүй гэж би боддог юм. 2008-2009 онд Алтайн нуруунд судалгаа хийсэн ч нэмж судлах шаардлагатай байгаа.
-Монгол орны шавжуудтай ижил төстэй болон ондоо шинжүүдээс нь дурдаач...
-Хоовгоны багийн (Trichoptera) шавжууд нь усны чанарыг тодорхойлогч чухал индикатор болдог. Алтайн хоовгоны хувьд Limnephilidae овгийн бусад зүйлтэй морфологийн хувьд төстэй ч үржлийн эрхтний зарим микро-шинж тэмдгээрээ өвөрмөц ялгаатай. Бинокуляр доор харж байж нарийн шинжүүдийг ялгана.
-Таны дараагийн судалгааг сонирхож болох уу?
-Одоогоор би Эг, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ мөрний сав газрын усны сээр нуруугүй амьтад болон хөвөгчдийн олон янз байдал, бүлгэмдэл хэрхэн өөрчлөгдөж буйг судалж байна.
-Таны мэргэжил шавж судлаач уу? Яагаад энэ мэргэжлийг эзэмших болов?
-Би биологич, экологич мэргэжилтэй. Усны шавж, сээр нуруугүйтэн судлалаар мэргэшсэн. Аав маань биологийн багш хүн байлаа. Тэгээд аавынхаа мэргэжлийг дагах гээд УБИС-д орсон. Бакалавраа төгсөхөөс өмнөх жил америк эрдэмтэн Жон Морсын "Усны сээр нуруугүйтнээр усны чанарыг үнэлэх нь" гэдэг сургалтанд сууж, энэ чиглэлээр илүү сонирхох болсон. Байгаль эх, тэр дундаа нүдэнд төдийлөн харагддаггүй атлаа экосистемд асар их үүрэг гүйцэтгэдэг шавжийг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байгаль хамгаалалтанд хувь нэмэр оруулах нь миний зорилго гэж боддог.
-Тантай гар нийлж ажилладаг судлаачид гэвэл...
-Миний судалгааны ажилд хамгийн ойр тусалж, хамтран ажилладаг хүмүүс бол миний багш, зөвлөх, Америкийн Клемсоны их сургуулийн профессор Жон Морс. Мөн судалгааны чиглэл нэгтэй олон судлаачтай гар нийлж, хамтран ажилладаг.
-Та судалгааныхаа ажлаар хөдөө их явдаг байх. Төсөв хөрөнгөө хэрхэн шийддэг вэ?
-Судлаачдын хувьд хээрийн судалгаа хийхэд зайлшгүй хөдөө явж таарна. Сургуулийн хээрийн дадлага гэж оюутнуудаа авч, суурин болон бүс бүслүүрийн дадлагад явна. Тэр болгон хөдөө их яваад байдаггүй дээ. Судалгааны санхүүжилт олгодог байгууллагууд уруу төсөл, хөтөлбөр бичиж, хүлээн зөвшөөрөгдвөл хөдөө хээрээр явж, судалгаа хийнэ. Хээрийн судалгааны зардал их гардаг болохоор заавал санхүүжилт олж байж л судалгаа хийнэ гэсэн үг.
-Шинэ нээлт хийсэн эрдэмтдэд ямар нэг урамшуулал бий юу?
-Миний мэдэхээр л шинэ зүйл нээсэн урамшуулал энэ тэр байдаггүй. Ойр дотнынхон баяр хүргээд л болдог доо. Зүйлийн нэр шинжлэх ухаанд тэмдэглэгдээд, хэдэн зуун дамжиж мэдээлэл нь хадгалагдан, төрөл зүйл нь байж байдаг. Бид нараас урт настай гэж хэлж болох юм. Тэр нь бидний хувьд урамшуулал болдог гэхэд буруудахгүй байх аа.
-Бичсэн өгүүллээ хаанахын ямар сэтгүүлд хэвлүүлж байж хүлээн зөвшөөрөгддөг вэ? Мэдээж төлбөртэй биз?
-Өгүүллийн хувьд мэдээж хянан магадлалтай олон улсын сэтгүүлд хэвлэгддэг. Хэвлэлийн редактор тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн өгүүллийг ревью хийлгэж байж зөвшөөрөгддөг. Их сэтгүүл төлбөртэй хэвлэнэ л дээ. Төлбөртэй хэвлэхэд онлайнд нээлттэй байдаг ба хүмүүс шууд татаж авч болно гэсэн үг. Эсвэл төлбөр төлөхгүйгээр хэвлээд, зөвхөн хүссэн хүмүүс сэтгүүлийн сайтад төлбөр төлж нэвтрээд, татаж авч болно. Төлбөр төлөөгүй учраас бидний нээсэн энэ шинэ зүйлийн өгүүлэл хаалттай хэлбэрт байгаа.
-Та гэр бүлээ танилцуулаач...
-Би нөхөр, гурван хүүгийн хамт амьдардаг.
-Хүүхдүүд чинь таны мэргэжлийг сонгох нь уу?
-Том хүү маань компьютерын чиглэлээр ШУТИС-ийг энэ жил төгслөө. Хоёр бага нь ямар мэргэжилтэй болохыг мэдэхгүй байна шүү. Бид хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлөх бодолгүй л дээ. Гэхдээ бага хүү маань надтай илүү ойр сонирхолтой гэх үү "Ээж, энэ их гоё аалз байна" гээд бариад ирдэг юм. Огт айдаггүй (инээв).
-Ер нь шавж судлаач мэргэжлийн сайхан нь юу юм бол?
-Шавж судлаач гэдэг мэргэжлийг зүгээр нэг "хорхой шавж түүдэг" гэж бодвол дэндүү өрөөсгөл болно. Манай гараг дээрх нийт амьд биетийн 70 гаруй хувийг шавж эзэлдэг. Тэгэхээр шавж судлаач байна гэдэг нь хүн бүрийн анзааралгүй өнгөрдөг тэрхүү аварга том, гайхамшигт "микро ертөнц"-өөр аялах эрхийн бичиг юм.
Хөл доор хөвөрч буй тэр жижигхэн амьдрал бүхэл бүтэн экосистемийг, хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн удирдаж буйг олж харах, байгалийн хамгийн төгс инженерчлэлийг хамгийн түрүүнд бишрэх нь энэ мэргэжлийн хамгийн гоё нь, хамгийн сайхан нь юм. Бусад хүн хөл доорхоо зүгээр л хардаг бол шавж судлаачид тэнд орших бүхэл бүтэн сансар огторгуйг олж хардагт энэ мэргэжлийн сайхан нь оршдог.
-Гадаадаас танд хамтарч ажиллах санал их ирдэг үү?
-Гаднын судлаачидтай хамтарч судалгаа хийх, төсөл өгүүлэл бичих, төрөл зүйлийн баталгаа нотолгооны талаар хэлэлцэх, материал шалгах зэрэг ажил хийж байсан л даа. Ер нь хамтын ажиллагаанд санхүүгийн асуудал их чухал. Түүнээс болоод л тэр болгон хамтарч ажиллаж чаддаггүй юм.
-Тантай ярилцах маш сонирхолтой байлаа. Цаашдын судалгааны тань ажилд амжилт хүсье. Баярлалаа.
Ш.Эрдэнэтөр