09/01/2022
Германы Эрүүгийн эрх зүйд "Аctio Libera in Causa" өгөгдөлтэй бодлогыг хэрхэн бодох вэ? Дор авсан жишээгээр үргэлжлүүлбэл:
А. Э-г цохих зэрэг үйлдлээрээ Т нь (Германы) эрүүгийн хуулийн 212, 211-р зүйлийн ... дагуу шийтгэл хүлээх ёстой. Үүний тулд эдгээр үйлдэл нь дурдсан заалтуудын I. Нөхцлийг хангасан (Гэмт хэргийн бүрэлдэхүүтэй), II. Зөвтгөх боломжгүй (Нийгэмд аюултай) III. Уучлах гэх мэт шалтгаангүй, өөрөөр хэлбэл гэм буруутай үйлдэл болох учиртай.
I. Гэмт хэргийн бүрэлдэхүүн: Э-г цохих гэх мэт үйлдлээрээ Т нь дурдсан заалтуудаар хориглосон эрсдлийг бий болгосон бөгөөд энэхүү эрсдэл нь Э-ийн үхлээр бодитой болсон. Иймээс Э-ийн үхэлд Т-ийн үйлдлүүд нь шалтгаан болоод зогсохгүй, хуулийн хэм хэмжээгээр хориглосон эрсдэлд хүргэсэн гэж үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг объектив хангасан гэж үзнэ (sowohl kausal, als auch dem T objektiv zurechenbar).
Түүнчлэн Т-ийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг субъектив хангасан байна (dolus direktus 1. Grades).
II. Нийгэмд аюултай үйлдэл
Хэрвээ хохирогч зодооныг эхэлсэн, Т нь аргагүй хамгаалалт хийсэн гэх баримт бий бол Т-ийн үйлдлийн нийгмийн аюулыг энд шалгана. Энэ тухай баримтыг мэдэхгүй тул дүгнэлтийг лавшруулсангүй.
III. Гэм буруу
Т нь Э-г зодох ҮЕДЭЭ гэмт буруутай байсан уу? Энд эргэлзэх шалтгаан нь Т нь архидан согтуурсан, гүн согтолттой үедээ Э-г гэмтээсэнд оршино. Хэрвээ Т-ийн цусан дахь алкохол 3,2 промиллиэс өндөр байсан гэж үзвэл Т-г гэм буруугаа ухаарахгүй нөхцөлд байсан гэж үзнэ ( Германы жишиг). Энэ нөхцлийг хангасан гэж үзэв.
Гэхдээ бусдыг санаатай алах үедээ гэм буруугүй байсан ч "Actio Libera in Causa" гэсэн зан заншлын хуулиар Т-г гэм буруутай гэж үзэх үү гэдгийг тодруулах шаардлагатай. Үүнийг тодруулсны дараагаар заншлын энэ хэм хэмжээнд хуулийн үндэслэлийг хийх шаардлагатай (маргаан бүхий онолын асуудал).
1. Э-г зодох цаг үе бус, харин архидан согтуурч ЭХЭЛСЭН ЦАГ ҮЕ нь гэм бурууг шийдвэрлэх "Actio Libera in Causa" (шалтгааныг бий болгох үедээ чөлөөтэй байсан)
Хэрвээ бусдыг санаатай алахын тулд архидан согтуурах зэргээр гэм буруугүй байдалд орсон бол архидан согтуурч эхэлсэн цаг үедээ гэм буруутай байсан нь хангалттай гэж үзнэ. Хэргийн хувьд Т нь Э-г алах санаатай байсан, зориг орох зорилгоор архи уусан гэх мэтээр тайлбар хийх нь амьдралаас хол тайлбар болох биз ээ (Үүнийг эрх бүхий байгууллага шалган тогтоох нь мэдээж хэрэг. Бодлогод дүгнэлтийг хялбарчлав).
2. "Actio Libera in Causa"-г хэрэглэх онолын үндэслэлийг хүнийг санаатай алах тохиолдолд хийх шаардлагагүй. Учир нь А.L.i.C онолыг ашигласан ч Т -г гэм буруутай гэж дүгнэх боломжгүй. Яагаад гэвэл Т нь архи уух үедээ Э-ийн амийг бүрэлгэх санаа, зорилгогүй байсан.
Магадгүй ийм санаа Т-д байсан буюу батлавал түүний гэм бурууг А.L.i.C онолоор тайлбарлан, архидан согтуурч эхлэх цаг үеийг (Германы) эрүүгийн хуулийн 20-р зүйлээр үндэслэх боломжтой (Онолын шийдэл 1). Өөр гаргалгаа гэвэл архидан согтуурсан үйлдлийг нь тухайлан авч үзэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнээр хориглосон эрсдлийг агуулсан гэж үзэх явдал байна. Энэ тайлбарыг дагавал I. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэх хэсэгт А.L.i.C маргааныг авч хэлэлцэнэ.
IV. Дүгнэлт
Т нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт шийтгэл хүлээхгүй.
Тусгай ангийн бусад заалтуудыг шалгасангүй хялбарчлав...