14/12/2025
АУ-ы магистр Сүржавхлан овогтой ТУЛГАА
Намтрын товчоон
Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.
Суралцсан байдал:
- 2011 онд БУГС-тай 14-р сургууль,
- 2018 онд АШУҮИС-ийн Био-АС-ийг Био-Анагаах судлаач, молекул биологич мэргэжлээр “Шалтгаан тодорхойгүй эпилепсийн үед SCN1A генийн полиморфизмыг судалсан дүн” сэдэвт судалгааны ажлыг хэлэлцүүлэн бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2019-2020 онд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Био-Анагаахын мэргэшсэн мэргэжилтнээр,
- 2021-2022 онд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Анагаахын молекул биологич мэргэжлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн.
Боловсролын зэрэг:
- 2022 онд “Шалтгаан тодорхойгүй эпилепситэй гэр бүлд SCN1A генийн c.530G>A, SLC6A1 генийн c.863C>T мутациудыг тодорхойлсон дүн” сэдвээр АУ-ы магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2018-2019 онд Мон-Медикал клиникийн эмнэлэгт Лабораторийн эмчээр,
- 2019-2023 онд АШУҮИС, МЯЭ-ийн Эмнэлзүйн Төв Лабораторид Био-Анагаахын мэргэжилтнээр,
- 2023 оны 2-р сараас АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхимийн багшаар ажиллаж байна.
АУ-ы магистр С.Тулгаа нь SCOPUS-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд 1, дотоодын сэтгүүлд 8 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд 6, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 19 судалгааны ажлаа хэлэлцүүлэхээс гадна хамтран зохиогчоор 9 гарын авлага бүтээсэн байна. 2024 онд LANGE цувралын "Үлэмж зураглал" Анагаах ухааны биохими, 2025 онд Elsevier компанийн "Эмнэлзүйн биохими" зэрэг сурах бичгүүдийг олон улсын зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр, орчуулагчийн багийн гишүүнээр ажилласан. Багшлах хугацаандаа 2 бакалаврын дипломын ажил удирдаж, 1 бакалаврын дипломын ажлын шүүмж тус тус бичсэн байна. Түүнчлэн анагаахын оюутнуудын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурлуудад оюутан залуусыг удирдан 9 эрдэм шинжилгээний бүтээлийг илтгэл хэлэлцүүлсэн байна.
Төсөлт ажлын хүрээнд АБНЭУ-ын Абу-Даби дахь Нью-Йоркийн Их сургуультай хамтарсан “Genetic and Microbiome Variation Associated with Lipids and Lipid Metabolism in the Mongolian Population” олон улсын төслийн гүйцэтгэгчээр, ЭЗХЯ, ШУТС-ийн суурь судалгааны “Агаарын бохирдлын үед хүний бие чөлөөт радикал үүсэлт, антиоксидант тогтолцооны алдаглыг үнэлэх нь”, “Саркопенитэй Монгол настангуудад бодисын солилцооны зарим үзүүлэлт болон мэдрэл булчингийн биомаркеруудыг судлах нь” төсөлт ажлын гүйцэтгэгчээр, ахисан түвшний “Удамшлын шалтгаант эпилепситэй гэр бүлийг молекул генетикийн аргаар судлах нь”, “Хүүхдийн шүлсний найрлаганд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг судлах нь” төсөлт ажлын гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байна.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны гишүүнээр (2024 оноос), Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны Гүйцэтгэх захирлаар (2025 оноос), “Монголын анагаахын биохимийн нийгэмлэг”-ийн гишүүнээр (2024 оноос) ажиллах хугацаандаа “ХҮРЭЛТОГООТ-2024, 2025” ЭШХ-ын Анагаах ухааны салбар хуралдааны зохион байгуулагчаар ажилласан байна. 2022 онд ЭМЯ-ны ЖУУХ, 2025 онд БЯ-ы ЖУУХ бичгээр шагнагдаж, МЗЭХ-ны 2025 оны "АНАГААХ УХААНЫ САЛБАР"-ын шилдэг залуу судлаачаар шалгарсан.