Биеийн тамирын тэнхим нь 1948 онд МУИС-ийн ректорын тушаалаар Цэрэг-биеийн тамирын кабинет нэртэйгээр анх байгуулагдсан. Кабинетийн эрхлэгчээр ЗХУ-ын мэргэжилтэн И.Ф.Силаевыг, багшаар армийн биеийн тамирын мэргэжилтэн ахмад И.Р.Польшук нарыг, 1949 оны 10-р сарын 15-ны өдрөөс Цэрэг биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр Ц.Сандангэлэгийг, багшаар хошууч Ч.Ишдорж нарыг томилон ажиллуулсан байна.
1954 о
нд Ж.Гомбосүрэн МАХН-ын Төв Хорооны тогтоолын дагуу багшаар томилогдон иржээ. 1957 оны 2-р сараас Ц.Самдангэлэгийг асприантурт суралцуулахаар чөлөөлж, Ж.Гомбосүрэнг тэнхимийн эрхлэгчээр томилжээ.
Тус тэнхимийн хамт олны дотроос Шинжлэх ухаан, спортын алдар цолтнууд төрөн гарч Ж.Гомбосүрэн 1957 онд спортын гавьяат багш, Ц.Самдангэлэг 1960 онд дэд докторын зэрэгтэй, хошууч генерал Ч.Ишдорж спортын гавьяат багш цолтой болжээ.
МУИС-ийн Биеийн тамирын тэнхимээс 1951 онд ХААИС, 1962 онд АУИС, 1983 онд ТИС, ГХДС-ийн Биеийн тамирын тэнхимүүд салбарлан гарсан юм.
Тус тэнхим байгуулагдсанаас эхлэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан багш нарыг дурьдвал: Монгол улсын спортын гавьяат багш Ж.Гомбосүрэн 1957-1987 онуудад, ахлах багш спортын мастер Ц.Сандагдорж 1987-1990 онуудад, ахлах багш Ч.Энхтуяа 1990-1992,1994-1996 онуудад ахлах багш Д.Чимэдцэрэн 1993-1994 онд, Хөнгөн атлетикийн спортын мастер Ж.Ганбаатар 1996-1997 онд, Волейболын Олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэбилэг 1997-2002 онуудад ахлах багш, волейболын олон улсын хэмжээний мастер Ч.Сэлэнгэ 1992-1993 он, 2002 оноос одоог хүртэл тус тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Одоо тус тэнхим нь 11 багш, спорт заалны эрхлэгч 1, хичээлийн туслах ажилтан 1-тэйгээр МУИС-ийн харъяа 13 их дээд сургуулиудаар бэлтгэгдэж байгаа төрөл бүрийн мэргэжлийн ангийн оюутнуудад эрүүл мэнд, бие бялдрын сургалт явуулж, тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, бие бялдар оюун санааны хувьд өндөр чадамжтай ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.