18/05/2026
Erasmus+RETEACH төслийн хөндлөнгийн эксперт Отгонтэнгэр их сургуульд ажиллаж байна.
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хөндлөнгийн эксперт, боловсролын зөвлөх Арьяак Навоян Монгол Улсад хүрэлцэн ирж, төслийн үйл ажиллагаатай танилцах уулзалтуудаа эхлүүллээ.
Түүний Монгол дахь ажлын айлчлалын хүрээнд болсон эхний уулзалт Отгонтэнгэр их сургууль дээр зохион байгуулагдав. Уулзалтад Отгонтэнгэр их сургуулийн ректор Н.Энхзаяа, RETEACH төслийн ерөнхий зохицуулагч Ж.Золбаяр, төслийн үндэсний зохицуулагч Б.Одгэрэл болон төслийн багийн төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр Erasmus+ RETEACH төслийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын багш боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа.
Түүнчлэн Отгонтэнгэр их сургуулийн хүрээнд шинэчлэн боловсруулж буй “Боловсролын удирдлага” магистрын хөтөлбөр болон “Англи хэлний багшлах эрх олгох” богино хугацааны сургалтын хөтөлбөрийн бүтэц, суралцахуйн үр дүн, дижитал болон ногоон чадамжийн интеграцчиллын талаар мэдээлэл солилцов.
RETEACH төсөл нь Монгол Улсын багш боловсролын тогтолцоог олон улсын чиг хандлага, Европын ногоон хэлэлцээр болон дижитал боловсролын бодлоготой уялдуулан шинэчлэх зорилготой бөгөөд багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, арга зүй, чадамжид суурилсан боловсролын шинэчлэлийг дэмжин ажиллаж байна.
Төслийн үндэсний багт Отгонтэнгэр их сургууль ерөнхий зохицуулагчаар, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургууль, Хангай их сургууль, Дархан коллеж оролцогч байгууллагуудаар хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд багш боловсролын 2027–2032 оны үзэл баримтлал боловсруулах, багшийн боловсролын жишиг шалгуур боловсруулах, бакалавр, магистр болон богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, туршин хэрэгжүүлэх зэрэг ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.
Энэхүү уулзалт нь төслийн хэрэгжилтийн явцтай танилцахаас гадна Монголын багш боловсролын шинэчлэлийн үйл ажиллагаанд олон улсын экспертийн зөвлөмж, үнэлгээг тусгах чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.