19/06/2020
ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ Г.БИЛГҮҮН
Намайг Г.Билгүүн гэдэг. ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийг 2013-2017 онд суралцан металлургийн инженер мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Ялангуяа Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх "Ле Мон" клубийг үүсгэн байгуулагчдын дэмжлэгтэйгээр маш шаргуу ажиллаж, хамтдаа олон шин зүйлийг эрэлхийлж байлаа. Мөн миний бие 2015-2016 онд Москва дахь Монголын Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байгаад 2016-2017 онд удирдах зөвлөлийн гишүүн болсон. Товчхондоо ийм байна.
ОХУ-ыг сонгох шалтгаан
- Дэлхий дээр ОХУ-аас өөр боловсролын бичиг баримт хүлээн зөвшөөрөлцөх талаар олон улсын маш олон тооны гэрээ байгуулсан улс орон байхгүй. Оросын байгалийн шинжлэл, инженерийн боловсрол нь дэлхийн шилдэгт тооцогддог. Орос улс математик, хими, геологи, эмч болон бусад олон салбарт мэргэжилтэн бэлтгэхдээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.
Оросын их дээд сургуулиудаас дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай тогтоосон байнгын хамтын ажиллагаа, Оросын их сургуулиудыг байгалийн шинжлэл, инженерийн мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ гадаад орнуудад их байдаг зэрэг нь үүний баталгаа болно. Мөн энд сургууль төгсөгчид нь мэргэжлийн өргөн мэдлэг, гүнзгий суурь боловсролын бэлтгэл нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайтай.
Оросын дээд сургууль төгсөгчдийн дотор ерөнхийлөгч, парламентын тэргүүн, сайд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, нэрт эрдэмтнүүд дэлхийн бараг бүх оронд бий. Яагаад жил бүр 100 мянгаас доошгүй гадаадын оюутан Орос улсыг сонгон сурч, 50-60 мянга орчим оюутан гадаадад байгаа оросын их дээд сургуулиудын салбарт суралцаж байгааг энэ хэдхэн үгээр тайлбарлаж болно. Оросын шинжлэх ухаан, боловсролын систем дэлхийд маш өндрөөр үнэлэгдсээр ирсэн. Мөн ОХУ манай орны мөнхийн хөрш. Бид тэднээс суралцаж, тэдний хэлийг сурах зайлшгүй шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Орос улс дэлхийн хүчирхэг орнуудын нэг, тэргүүлэгчдийн эгнээнд багтсаар ирсэн. Тиймээс бид хоёр хөршөөсөө маш их зүйлийг суралцаж, тэдний хөгжлийн тулгуурыг судлан алдаа оноотой зүйлсийг нь давтахгүй л байх хэрэгтэй.
Амьдрах өртөг
- Амьдрах өртгийн тухайд гэвэл, оюутнуудад маш боломжийн гэж хэлмээр байна. Орос улс 1100 гаруй хоттой маш том улс. Хот бүрийн өртөг харицлан адилгүй. Москва хот хамгийн өртөг өндөртэйд ордог. Жимс ногоо, хүнсний үнэ Монголтой харьцуулбал, зарим нь хямд, зарим нь адилхан. Москва хот дахь оюутны дотуур байрны бакалаврын оюутны сарын хураамж 800-1500 рубль, оюутнууд ихэвчлэн метрогоор зорчино. Москвад оюутнуудад зориулсан үндэсний картыг сарын 385 рублиэр хэрэглэнэ. Мөн сар бүр метронд 385 рубль төлөөд хязгааргүй зорчино. Гадаад оюутан эрүүл мэндийн даатгал жил бүр хийлгэдэг. Сургууль бүрийн даатгалын үнэ харилцан адилгүй байдаг. Дунджаар нэг жилийн даатгал 6000 рубль байдаг.
ОХУ-ыг зорихыг хүсэгчид юуг анхаарах ёстой вэ?
- Хамгийн түрүүнд оюутан залуус маань хүний нутагт очиж буйгаа маш сайн ухамсарлах хэрэгтэй. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ. Нэн түрүүнд ОХУ-д суралцахаар ирж буй оюутнууд хилийн дээс алхсанаас хойшхи ажлын тав хоногийн дотор өөрийн сурах сургуульдаа бүртгэл хийлгэх шаардлагатай байдаг. Уг бүртгэлийг заавал хийлгэх ёстой гэдгээ мэдэхгүй явж байгаад, паспорт дээрээ хар даруулах харамсалтай тохиолдол гардаг. Энэ мэт энгийн мэдээлэл хомс байдлаас үүдэх үр дагавар ямар байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ тал дээр ОХУ дахь холбоодууд хамтран, хэлний бэлтгэл,нэгдүгээр курст суралцахаар явж буй оюутан залууст урьдчилан мэдээлэл өгөх зорилгоор 2016 оноос нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, мэдээлэл авах хэрэгтэй.