01/03/2024
Байгалиараа бол хүмүүс огтхон ч тэнцүү биш.
Тэгш байдлыг зөвхөн хамгийн доод түвшнээр нь тэгшлэх замаар л бий болгож болно. Зөвхөн баяны баялгийг үгүйрүүлж байж л баян хоосны ялгааг арилгана. Хүчтэний хүчийг хураан авч байж л хүчин мөхөс ба хүчирхгийг тэнцүүлнэ. Ухааныг давуу тал биш сул тал болгож байж тэнэг цэцнийг тэгшитгэнэ. Бүх нийтийн тэгш байдал бол мунхаглал, хүчирхийлэл дээр суурилсан ядуу, дорой, тэнэг хүмүүсийн нийгэм. Эгэл бүдүүлэг, соёлгүй буюу зэрлэг хүнтэй мэтгэлцэх хамгийн хэцүү байдаг учраас энэ талаар ярих бараг боломжгүй юм.
Н.БЕРДЯЕВ
Эдүгээ боловсорч буй ирээдүйн гоц сэхээтнүүд, онц сэтгэгчид, агуу бүтээн байгуулагчид, сод чадвартнууд, од баялагтнууд минь, алхам бүрт чинь чиний толгойг, ёроолоос илүү гарсан бүхнийг чинь тэгшлэхээр шүлэнгэтэн улайрцгаах болно, харин чи цуцалтгүй өндөрссөөр, өргөссөөр, гүнзгийрсээр байгтун!
“Ард түмэн гэрэлт ирээдүйд итгэх ёстой. Тэгэхгүй бол гэрэлт одоо цагийг нэхэх болно” гэсэн айдсын бодлогоор бүх цаг үед бүх ард түмнийг эрхтэн бүтэн ч халамжийн “эрэмдгүүд”, оюуны тахир дутуучууд байлгадаг төрийн машины сохор шураг бүү бологтун!
Омог бардмаа огшооё гэвэл өөрөөсөө дор хүмүүсийн дунд л овойгоод бай. Харин илүү хүчирхэг, ухаалаг, баялаг болъё л гэвэл хичнээн хэцүү байсан ч, өөрөөсөө илүү хүмүүстэй халз тулж, хамтран ажиллаж, харилцан суралцаж, зогсолтгүй хөгжигтүн!✨
Чи эгэл бүдүүлэг, соёлгүй байгаа цагт бүх хэмжээгээр ТОМ хүмүүс чиний мунхаглалтай мэтгэлцэхээс зайлсхийх болно. Чинийхээр бол үл тоосон харц, доромж мэдрэмж, амиа хичээсэн, юунд ч юм шунасан хандлагыг чи тэднээс амсах болно. Өөрийн эрдэнэт оршихуйгаа эрхэмлэдэг учраас амь насны хэлтэрхий болсон агшин бүртээ давшиж, дэвшиж байдаг тэдэнд урагшгүй хүнд өгөх юм байдаггүй. Чи урагшлахгүй хүнээс урагшлах хүсэлтэй хүн, улмаар тасралтгүй урагшлагч хүн болон хувирч, хувьсч, хувьсгал хийгтүн!
Гудамжинд, талбайд биш тархиндаа, сэтгэлдээ!❤️
Өлсгөлөн, мөхөстөл, өөдгүй боломжгүй бүхний доороос тоос мэт боссоор, өдөр бүр салхи мэт хөөрсөөр, өглөө бүр нар мэт мандсаар байгтун!
Ээж аав, эх орон, элгэн төрөлтөндөө чиний хүргэх хамгийн том тус бол бүх утгаараа ТОМ болох! Супер мэргэжилтэн, ясны ЭРДЭМтэн, чадал, ухаан, эрүүл сэтгэлийг төгс цогцлоосон туйлын баян бологтун!
Цээж биш цэцэн БАЯН БОЛОГТУН!⚜️