04/05/2026
Хуульч О.Батхүү:
Шүүх үнэхээр болохгүй байна.
Орон сууцны захиалга өгч хохирсон хүн шүүхэд хандана. Төлбөр 100 хувь төлсөн баримт, 2024 онд ашиглалтанд оруулна гэсэн гэрээ, дээр нь уг барилга 2026 онд ороогүй талаарх баримтаа хавсаргана. Гэрээгээ цуцлаж, мөнгөө авья гэнэ.
За ингээд шүүхэд өгнө. Хурал нь болохгүй, хойшлоод л байна, хойшлоод л байна. Энэ хооронд нөгөө хүн нэмж хохирно. Юун түрүүн 5 жилийн өмнө өгсөн 150 сая төгрөгний ханш жилээс жилд унаж тухайн үед 3 өрөө байр авах байсан мөнгө 1 өрөө байр авч хүрэхгүй болдог. Шүүх хуульд заасан 60 хоногтоо багтаж хэргийг шийдсэн бол ингэж хохирохгүй байв.
Дээр нь нэмээд ажлаа алдана. Хурал болно гэж бодоод хамаг юмаа хаяад ирдэг. Хурал нь хойшилно. Дахиад ирнэ, дахиад хойшилно. Ажлаа тасладаг, алга болдог гэж арга хэмжээ авахуулна, цалин мөнгөө хасуулна. Хурал зарлачихаж магадгүй гээд хөдөө ч явж чаддаггүй.
Байн байн хойшлоод, ажлаа алдаад байхаар өмгөөлөгч авна. Хүн явуулж байгаа учраас хөлс төлнө. Доод тал нь 5-10 сая. Энэ мөнгө хохирогчид хэзээ ч эргэж олдохгүй. Учир нь манай шүүхийнхэн өмгөөлөгч авахыг “сайн дурандаа” авсан гэж үздэг. Гэтэл хүмүүс өөрөө явж амжихгүй, нөгөө тал өмгөөлөгчтэй ордог учраас өмгөөлөгч авахаас өөр аргагүй байдалд ордог.
Шүүх өмгөөллийн зардлыг гаргуулахгүй шийдээд байхаар нь нэг мөр (гаргуулдаг) болгох гэж УДШ-д хандсан. Амьхандаа тэнд арай дориун хүмүүс суудаг гэж бодсон. Гэтэл хүмүүс дурандаа өмгөөлөгч авдаг гэдэг агуулгыг зөвтгөсөн тайлбар гаргасан байна билээ. Гэрээгээр тохирсон бол буруутай талаас зардал гаргуулдаг жишиг дэлхийд бий. Гэтэл манайд тийм юм байхгүй ээ л гэх.
Шүүх хүний эрхийг хамгаалах ёстой газар. Гэтэл нэмж хохироодог болсон. Яаж гэдгийг дээр 1, 2, 3 гэж байгаад бичсэн.
Өөрсдөө бол түмэн шалтаг хэлэх байх. Гэхдээ хууль бол хууль, 60 хоногт шийднэ. 1 удаа 30 хоногоор сунгаж нийлбэр дүнгээрээ 90 хоногоос хэтрүүлэхгүй гэж заасан бол тэр хугацаандаа шийдэх ёстой. Гэтэл 30 хоногийн сунгалт хийгээд хаядаг. 2 жил 3 жил болж байгаа хэрэг олон бий. Шүүхийн статистикийг хараарай, тоо худлаа хэлэхгүй.
Эцэст нь Justice Delayed Is Justice Denied гэдэг үг бий. Үгчилж орчуулбал “Хойшлогдсон шудрага ёс бол үгүйсгэгдсэн шудрага ёс” буюу “Хэрэг маргааныг хугацаанд нь шийдээгүй бол огт шийдээгүйгээс ялгаагүй” агуулгатай.
Аливаа асуудлыг үнэн зөвөөр шийдэх нь чухал боловч цаг хугацаанд нь шийдэх нь түүнээс дутуугүй чухал. Үүн дээр манай шүүхийнхэн фэйлдэж байгаа.