05/05/2026
YSW БУЛАН - Залуу нийгмийн ажилтан клубийн 2024-2025 оны тэргүүн Г.Энхбаясгалангийн мэдрэмжээр зочилцгооё🥰
Солонго танд ямар мэдрэмж өгдөг вэ?
Миний хувьд тэнгэрт харагдах тэр солонго өнгө өнгөөр нумран байх байгаль ертөнцийн гайхамшигт өнгөний бүтээл юм. Солонгыг харсан хүн бүхэнд итгэл, гэгээн бодлууд, ид шид, уужрал, баяр баясал гээд сэтгэлд байх сайхан бүхэн төрдөгтэй адил энэ нийгмийн солонго нь миний сонгосон мэргэжил билээ.
Мэргэжил минь эрээнтэй бараантай, ээдрээтэй олон түмэн асуудал бэрхшээлийг амирлуулагч нь бөгөөд мөн сайн сайхан байдал, шударга ёсыг цогцлоохыг хичээн ажиллаж буй нийгмийн ажилтан юмаа. Нийгмийн ажилтан гэх энэхүү мэргэжлийг буяны, хүмүүнлэгийн ажил гэж бодон сайхан сэтгэлтэй хэн бугайч хийж чадна гэсэн хүмүүсийн тогтсон хандлага бий.
Үнэн хэрэгтээ “Нийгмийн ажил нь хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтэд тэдний нийгмийн үүргээ гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, дахин сэргээх зорилгоор тусламж үзүүлдэг, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд тааламжтай нийгмийн нөхцөлийг бүрдүүлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм” хэмээн нийгмийн ажлын толь бичигт тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолтын практик дадлага, туршлагыг надад “Залуу нийгмийн ажилтан” клуб олгосон юм.
Хичээлийн танхимд сурсан онол, мэдлэг бүгд чухал — гэвч клубт орсноор бодит туршлагыг бий болгоход тусалсан. Салбартаа олон жил зүтгэсэн мэргэжилтнүүдийн яриаг сонсох бүрд мэдлэг, туршлага бүхэн нь надад үнэ цэнтэй байсан.
Мөн нийгмийн бодит асуудалд биечлэн оролцож, хэн нэгний амьдралд жижигхэн ч гэсэн эерэг өөрчлөлт авчрах тэр мөчүүд — ямар ч хичээл, номноос олж авахгүй туршлага, мэдлэг болон үлдсэн. Залуу нийгмийн ажилтан клуб надад мэргэжлийн чадвар төдийгүй, яагаад энэ замыг сонгосныг ойлгуулж, таниулж өгсөн юм.