31/12/2025
🎄✨ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ✨🎄
Эрхэм хүндэт багш, судлаач, ажилтан, оюутан залуус, төгсөгчид, эцэг эхчүүд болон хамтран ажиллагч та бүхэндээ айлчлан ирж буй 2026 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улирч буй 2025 онд манай сургууль Монгол Улсын их, дээд сургуулиудын ангилал тогтоох шалгуурыг ханган “Шинэ Монгол Технологийн Их Сургууль” болсноор бидний хамтын зорилго нэг шат ахилаа.
Энэ онд манай сургуулийн нэр хүнд, эрдэм шинжилгээний чадавхийг олон улсад таниулсан бахархалт үйл явдлууд ар араасаа өрнөлөө.
ШМТИС-ийн багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор В.Адъяасүрэн багш маань Математикийн боловсролыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ардын багш цол хүртсэн нь манай хамт олны хамгийн том бахархал юм. Түүнчлэн түүний судалгааны бүтээл Олон улсын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийн 1980–2025 оны “ТОП 1%” ангилалд багтсан нь эрдэм шинжилгээний чансааг дэлхийд бататгасан томоохон амжилт боллоо.
Мөн манай сургуулийн Математикийн боловсролын магистрын хөтөлбөр, Механик инженерчлэл, Архитектурын бакалаврын хөтөлбөрүүд БМИҮЗ-ийн шалгуурыг ханган 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн нь сургалтын чанар, тогтолцооны чухал үр дүн юм.
Багш, судлаачдын маань амжилт ч тасралтгүй үргэлжилж Компьютерын ухааны тэнхмийн багш, дэд профессор Н.Анхбаяр докторын зэргээ амжилттай хамгаалж, Nature Portfolio-ийн харьяа Scientific Reports сэтгүүлд өгүүллээ хэвлүүллээ. Физикийн багш, дэд профессор Ж.Эрдэнэтогтох “Монгол инженер – 2025” эрдэм шинжилгээний хуралд Тэргүүн байр эзэлсэн бол, Ерөнхий эрдмийн тэнхмийн багш, дэд профессор Б.Санчир, Химийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баярбаясгалан нар дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааны өгүүллүүдээ амжилттай хэвлүүлсэн.
Оюутнуудын маань амжилт ч мөн онцгой байлаа. “Программ хангамж” хөтөлбөрийн оюутнууд ICPC – Зүүн Азийн Хонконг бүсийн олимпиадад Тусгай байр, “Asia BriCom 2025” олон улсын “Ган гүүр”-ийн тэмцээнд 5 дугаар байр эзэлж, Шинэ Монголын оюутнуудын ур чадварыг тив, дэлхийд харууллаа.
Эдгээр бүх амжилт бол багш, судлаач, ажилтан, оюутан, удирдлагын багийн нэгдмэл зорилго, хамтын хүч, үнэт зүйлсийн бодит илэрхийлэл юм.
Ирж буй 2026 ондоо та бүхний минь ажил үйлс өөдрөг байж, эрүүл энх, аз жаргал, шинэ амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Шинэ Монгол Технологийн Их Сургууль дэлхийд өрсөлдөх мэдлэг, чадвартай инженер, багш нарыг бэлтгэх үйлстээ тууштай тэмүүлсээр байх болно.
🎉 Шинэ оны мэнд хүргэе! 🎉